Ж.Цолмон: Савангийн хөөсөнд үхнэ, 2 метрээс илүү явж чадахгүй "өчүүхэн" КОРОНАВИРУС

Ж. Нямсүрэн
Ц.Анхзул - Сэтгүүлч
3 сар өмнө
Ж.Цолмон: Савангийн хөөсөнд үхнэ, 2 метрээс илүү явж чадахгүй "өчүүхэн" КОРОНАВИРУС

Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон коронавирусийн халдвартай тэмцэж буй энэ цаг үеийг онцлон, нийтэлжээ.

Тэрбээр "Нүдэнд байтугай энгийн микроскопоор ч харагдахгүй өчүүхэн тэр вирус 53,1 сая хүнийг өвчлүүлж, 1,3 сая хүний аминд хүрч уй гашуу, ядуурал доройтлыг авчирч хүн төрөлхтөний хүрсэн хөгжил, хүрэх амжилтыг ухрааж байна \Johns Hopkins University\. 21-р зууны шуугиант үзэгдэл болж Шинжлэх ухаан хүчин мөхөсдөж, дэлхий нийтээрээ аюулт цар тахлыг нугачин дарах аргыг эрэлхийлж байна. Хүнээ онхлон шингээх газаргүй болж, хүний ариун сайхан чанар, ёс заншил алдагдахад хүрч аргаа барж байгаа улс орнуудын байдлыг бид харж элэг эмтэрч байсан. Тэгвэл Монголчууд бидэнд өвөг дээдсийн минь ухаан, тэдний буян хишгээр өргөн сайхан уудам газар нутагтай, аливаа өвчин, вирүсийг хөөн зайлуулах цэнгэг сайхан агаар устай, өндөрт залагдсан эх оронтой, таван хушуу малынхаа шим тэжээлийг үеийн үед хүртэж, эрүүл чийрэг бие бялдар, ухаан сийрэг, хурд хүчийг гайхуулан явсан өвөг дээдсийнхээ үргэлжлэл учир өнөөг хүртэл аюулт энэ өвчний эсрэг зогсож чадах язгуур дархлаа бий. Хүний нутагт “Эх орон минь аварна” гэж хүлээж суусан иргэдээ бид боломжийн хэрээрээ эгүүлэн авчирч, халдвар авсан нэгнийгээ хүний өөрийн гэж ялгалгүй эмчлэн илааршуулж ирсэн. Монгол Улс дотооддоо халдваргүй дэлхийн цөөхөн орны тоонд орж ДЭМБ-ын индэр дээрээс Монгол Улсынхаа нэрийг дуудуулж байсан нь саяхан. Энэ бол Монголчууд бидний том амжилт, эв нэгдлийн үр шим байсан. Хэдий тийм ч давагдашгүй хүчин зүйл гэж бас байна. Хүн л юм хойно тойрч биш дайрч ирдэг зовлонд өртдөг юм байна. Нэгнийгээ буруутган адлахын оронд нягтран нэгдэж, энэрэн хайрлаж, хууль дүрмээ чанд сахин мөрдөж байж гарз хохирол багатай даван туулж чадна.

Тэр өчүүхэн вирүс юу хийж чадах вэ? Гэр бүлийг минь өвчлөл, үхэл хагацал, ядууралд өртүүлж, нийгмийг хагалан бутаргаж, Эх орныг минь тогтворгүй байдалд оруулахаар заналхийлэн үржиж байна. КОВИД-19 вирүсд сул тал бий юу? Тэр энгийн савангийн хөөсөнд үхнэ, 2 метрээс илүү явж чадахгүй, тэр зориулалтын маскийг нэвтэлж чадахгүй, гадаргуу дээр 3-72 цаг амьдрах чадвартай уг нь ийм л ядарсан амьтан. Бидэнд өөрсдийгөө хамгаалах ямар боломж байна. Маскаа байнга зүүгээд, 2 м-ийн зайгаа бариад, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, гараа байнга савандаж угаагаад, амаа өдөрт 2 удаа бидний хэрэглэж хэвшсэн жанц давстай усаар зайлаад \амаа байнга зайлах нь халдвараас урьдчилан сэргийлэхэд нэмэртэй талааар “Journal of Virology” сэтгүүлд бичсэн байна\, гэртээ нойтон цэвэрлэгээ хийж хэвшиж сурахад л эрсдлээс өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадах юм. Вакцин хийгдэж байгаа боловч 2021 оны сүүлээр бүх нийтийн хэрэглээнд гарна гэж эрдэмтэд тооцоолж байна. Гарлаа гэхэд манай улс хэд дэх дугаарт орох бол... Бид өөрсөддөө л найдах нь чухал, өөрсдийнхөө л хүчинд тулгуурлах нь чухал.

Халдвар авсан тохиолдолд давхар эрсдлүүд нэмэгдэж байгаа талаар эрдэмтэд мэдээлж байна. КОВИД-19 халдвараар өвчилсөн хүмүүсийн 20 хувьд нь 90 хоногийн дараа шинэ төрлийн сэтгэцийн эмгэг үүсч байгаа \The Lancet Psychiatry\, эргэж халдвар авахгүй байх чадвар дөнгөж 26 хувьтай, 3 сарын дараа дахин халдвар авах магадлалтай талаар Английн эрдэмтэд судлаад байна\Science сэтгүүл\. Хүн амын 1-2 хувь нь КОВИД-19 халдвар авахад хүн амын дундаж насжилтад өөрчлөлт орох талаар судлаачид тогтоосон байна. Жишээ нь 1918 оны ханиадны цар тахлын үеээр дундаж насжилт 11 насаар буурсан талаар Мичиганы Их Сургууль, Шанхай их сургууийн J.Alex Navaro, Guilaue Marois нар судалсан байна. Бидний цөөхөн монголчууд дундаж насжилтаа ахиулах гэж хэчээн мэрийсний хүчинд монгол хүний дундаж наслалт 69 болсон. Тэгвэл эрдэмтдийн судалснаар манай хүн амын нэг хувь өвчилхөд бидний дундаж наслалт доор хаяж 10 насаар буурах юм байна.

Бид дотооддоо халдвар гарсан энэ үед стратеги тактикаа бусад орны туршлага, өөрийн орны онцлогт тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж ирэх шаардлага гарч байна. УОК-оос анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихийг зарлаад гурав хонож байна. Хөл хорио тогтоосны үр дүнгийн судалгааг зөвхөн 6 оронд хийхэд судалгаагаар 60 сая хүнийг халдвар авахаас хамгаалж чадсан талаар Калифорний Их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Иймд онцгой нөхцөл байдалд бид УОК-оос өгч байгаа заавар, зөвлөмжийг чанд дагаж мөрдөх ёстой. Бүх нийтийн аюулгүй байдлыг хангахад хүн болгон хуулийн өмнө хариуцлага, үүрэг хүлээнэ.

КОВИД-19 цар тахлаас Эх орноо, ард иргэдээ хамгаалахын тулд төр, хувийн хэвшил, иргэдийн тэгш оролцоо хамтын зүтгэл агаар ус мэт чухал юм. Бүх нийтийн боломж, чадамжийг бүх нийтийн үйлдэл болгох шаардлага тулгарч байна.

Хувь хүнийн зүгээс ямар арга хэмжээг авах талаар дээр дурьдсан. Орон нутгийн зүгээс оршин суугчид, эрсдэлт бүлгийн хүмүүст чиглэгдсэн халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүрэх газарт нь хүргэж, эргэн тандах хэлбэрт шилжих. Жишээ нь, Засгийн газраас эмзэг бүлгийн 1300 гаруй хүнд хүнсний талоны мөнгө олгох, дотуур байрны оюутнуудыг хүнсээр хангах ажиллагааг эхлүүлээд байна. Үүнд орон нутгийн оролцоо маш чухал үүрэгтэй. Зарим оронд өндөр настай хүмүүсдээ тухайн орон нутгийн халамжийн газар нь өдөр тутмын хүнсийг гэрт нь хүргэж тэднийг гадагшаа гарч эрсдэлд орохоос хамгаалсан үйл ажиллагаанууд явуулсан нь үр дүнгээ өгсөн байна. Өрхийн эмнэлгүүд 65-аас дээш настай хүмүүс, 5 хүртэлх настай хүүхдүүдтэй айлын тоог гаргаж, хяналтад авах, гэрээр нь очиж үйлчлэх, халамжийн сангийн хөрөнгийг зөв зохистой зарцуулж өндөр настан, 5 хүртэлх насны хүүхэдтэй айлуудад нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг гэрт нь дөхүүлж өгөх зэрэг хамгийн энгийн ажилуудаас эхлэх нь зүйтэй болов уу.

Засгийн газар бүх шатны үйл ажиллагаа явуулахад бодлогоор дэмжих, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, үйл ажиллагааны уялдаа давхцлыг зохицуулахад гол үүрэгтэй. Засгийн газраас хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулж хүнсний нөөцийг энгийн үеээс хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Эмнэлгийн хангамжийг бүрэн хяналтанд байлгах, нөөцийг бүрдүүлэх үүднээс ор, амьсгалын аппарат маск гэх мэт шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлууруудыг карго онгоцоор татаж авч байна. Түргэн оношлуурын хангамж 96 хувьтай байгаа талаар УОК-ийн дарга илтгэж байна. Нэмэлтээр 11 цэгийг нээж, ойрын болон дам хавьтлын 200 хүнийг хамруулахаар бэлэн байдлыг хангаад байна. Нийтийн тээвэрт дотор ариутгал халдваргүйжүүлэлт хийх, хүн хоорондын зай, хүний тоо, тээвэр хоорондын цагийг шинэ зохицуулалтад оруулах зэрэг ажлууд хийгдэж байна. Цар тахал дотоодод гарсантай холбогдуулан Монгол улсын 2021 оны төсвийг анх удаа цахим хэлбэрээр баталлаа. Мэдээллийг нэг цэгээс шуурхай хүргэх, дотоодоос халдварлагдсан хүмүүсээ бүрэн хяналтанд авах тал дээр шаргуу ажиллаж байна. Нэн чухал болох хүнс, эрчим хүч, дулаан хангамж, усны хангамжийг доголдуулахгүй байхад бүх хүчээ дайчилж байна. Голомтод ажиллаж байгаа хүмүүст орон сууц олгох, цалинг нь нэмэх, урамшууллын асуудлыг Засгийн газар шийдвэрлэлээ. Эдийн засгаа тэнцвэржүүлэх, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, хүнсний хомсдол үүсгэхгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авч байна. Цаашлаад эрүүл мэндийн байгууллагууд шатлалын зарчмаа чанд баримталж, эмнэлэг дээр бөөгнөрөл үүсгэхгүй байх, даатгалаар олгодог эмийн хүртээмжийг сайжруулж очер дугаар үүсгэхгүй байх шаардлагатай байна.

Цар тахал урд хөршид гарсан анхны өдрөөс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар төрийн болон хувийн хэвшил, аж ахуйн нэгжийг Нийгмийн даатгал, орлогын албан татвараас чөлөөлж, мөн 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой компани, аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлж, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж тогтмол олгодог болсон нь улс орон, ард түмнээ энэ цар тахлаас хамгаалахад чиглэгдсэн том арга хэмжээ, төрийн зөв оролцоо, эдийн засгийн том дэмжлэг болсон.

Хувийн хэвшлийн зүгээс зөвхөн чанар, стандарт хангасан хүнсээр хангаж үнийн өсөлт гаргахгүй байхаас гадна нэн шаардлагатай эм тариа, эмнэлгийн хэрэгслийг хурдан шуурхай, боломжийн үнээр хангах үүрэг хүлээх ёстой. Эх оронч хандлага, нийгмийн хариуцлагатай байхыг бизнесс эрхлэгчид маань ухамсарлан бодох нь энэ нөхцөл байдалд чухал байна.

ДЭМБ-ын Ерөнхий захирал др. Тедрос Адханом Гебрейсус \Dr.Tedros Adhanom Ghebreyesus\ “Хамгийн гашуун үнэн нь: энэ байдал дуусах даанч ойрхон биш байна” гэж хэлсэн.

Одоо яг жинхэнэ УОК, ДЭМБ-аас өгч байгаа заавар, зөвлөмжийг урьд урьдынхаасаа ч илүүтэй дагаж мөрдөх цаг үе ирлээ. ХҮЧЭЭ ДАХИН НЭГТГЭЕ!

Ж.ЦОЛМОН. АУ-ны доктор, профессор,  2020.11.14" гэжээ. 

Хаха 44 6 Буруу 14 Гайхмаар 5 Харамсалтай 152 Хөөрхөн