Сар шинийн баяр удахгүй болох гэж байна. Хэдийгээр энэ жилийн хувьд цар тахлын нөлөөгөөр иргэд цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй ч, хэдийнэ бэлтгэлээ базааж эхэлсэн.
Зах худалдааны төвүүдээр "Гандангийн хэвийн боов" гэсэн нэр хаяг бүхий бараа бүтээгдэхүүн олширчээ. Угтаа бол Гандантэгчилэн хийдээс борлуулалтын журмаар хэвийн боов үйлдвэрлэж гаргадаггүй. Тэд зөвхөн хийдийн хуралд зориулж жилдээ 30,000-40,000 ширхгийг хийдэг. Тэгвэл иргэдийн ихээхэн "бэлэгшээн" авч буй "Гандангийн" гэх тодотголтой ч өөр, өөр үйлдвэрийн хаяг, логотой хэвийн боов үйлдвэрлэж буй газрууд хууль зөрчиж байгаа эсэх талаар Гандантэгчилэн хийдийн өмгөөлөгч Ө.Батбаяраас тодрууллаа.
Тэрбээр, "Эхнээсээ эдгээр нэр барьсан үйлдвэрийн бүтээгдэхүүнээс манайд гомдол ирж байна. Энэ нь байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудал болоод байна. Иргэд бол Гандантэгчилэн хийдийн үйлдвэрлэсэн ул боовыг авчихлаа хэмээн бэлэгшээж байхад гэтэл тийм биш. Бид энэ нэрийг 3 жилийн өмнө патентжуулж авсан. Ноднин жил цагаан сар болоогүй учраас ийм асуудал гараагүй. Харин энэ жилийн хувьд маш их гарч байна. Одоогоор зарим байгууллагуудад гомдол гаргаж байгаа ч зарим бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэсэн хаяг, утасны дугаар ч байхгүй байна. Зөвхөн дээрээ Гандан гэсэн нэртэй ч бүтээгдэхүүн байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл
Нэр