Баянзүрх дүүрэг дэх Ерөнхий боловсролын 97-р сургуулийн хоёрдугаар ангийн багш Л.Цэрэнбадам ангийнхаа сурагч охины гар руу цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Түүнээс манай сэтгүүлч асуудлыг тодруулахад
“Энэ сурагч маань манай сургуулийн хамран сургах тойргийн хүүхэд биш. Гэр нь Таван буудалд буюу сургуулиас маш хол байдаг ба өглөө бүр 07.00 цагт сургууль дээр ирдэг. Тиймээс би ч бас өглөө бүр 07.00 цагт ирж, сурагчаа хүлээж аваад, хичээл орох хүртэл буюу нэг цаг орчим хичээлийг нь давтуулдаг байсан. Өчигдөр ч тэгсэн.
Өчигдөр 10.00 цагийн үед монгол хэлний хичээл орж, би сурагчдынхаа хичээлийг шалгаж явахад тухайн сурагчийн бичгийн хэв муухай байсан учир үзэг барьж байсан гар руу нь цохисон. Гэхдээ улайж хавдтал нь цохиогүй, тоншоод л өнгөрсөн. Хичээл 11.50 цагт тарсан. Настайвтар эмэгтэй ирж авсан.
Орой 22.05 цагийн үед намайг гэртээ байхад охины ээж над руу залгаад “Та миний охиныг зодсон байна” гэсэн. Би уучлал гуйгаад, “гэрт нь яваад очъё, хүүхдээ хамт эмчид үзүүлье” гэхэд охины ээж “Манайх хол байдаг тул яах юм бэ, ирээд хэрэггүй. Санаа зоволтгүй гэсэн. Үүний дараа охины ээж фэйсбүүктээ мэдээлэл оруулсан байсан. Тэр мэдээлэл үнэхээр хэтрүүлэгтэй байсан.
Өнөөдөр охины ээж, охинтойгоо сургууль дээр ирсэн. “Би ийм айхтар зүйл болно гэж би бодсонгүй. Зүгээр л мэдээлэл оруулчихсан юм. Маргааш охиноо хичээлд нь явуулна” гэсэн хэмээн Л.Цэрэнбадам багш хэллээ.
Тэгвэл уг асуудлаар 97-р сургуулийн Ёсзүйн зөвлөл үдээс хойш хуралдсан ба Л.Цэрэнбадам багш энэ үеэр "ажлаас халагдах" өргөдлөө өгөөд, гарч явахдаа ухаан алдаж унажээ. Бусад багш нар түүнийг сэргээж, гэрт нь хүргэж өгсөн байна. Л.Цэрэнбадам багшийн тухайд боловсролын салбарт 35 жил ажиллаж байгаа бөгөөд хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарах байжээ.
Эх сурвалжийн мэдээллээр, сурагч охины биед улайсан, хөхөрсөн зүйлс өмнө нь ажиглагддаг байсан гэх мэдээлэл байна. Мөн Л.Цэрэнбадам багш охины үзэг барьсан гар руу цохисон гэх бөгөөд сурагч охин “багш миний гар руу нэг удаа цохисон” гэдэг тайлбарыг хэлээд байгаа. Гэтэл охины хоёр гар нь улайж, хавдсан байгаа нь эргэлзээ дагуулж байна. Бид эргэн сурвалжилна.
Сэтгэгдэл
Нэр