ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл, дэмжлэг аваад, буцаан төлөөгүй компаниудын нийт өр 260 тэрбум төгрөгт хүрээд буй. Тухайн зээлдэгч нарын дунд улстөр, бизнест нөлөө бүхий хүмүүсийн компани, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн компани байгааг бид цувралаар мэдээлж байгаа.
Энэ удаа УИХ-ын гишүүн асан, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, Ц.Элбэгдоржийг МУ-ын Ерөнхийлөгч байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан А.Ганбаатар нарын хамтарсан “Астра рүүт” ХХК-ийн үүсгэсэн өрийн талаарх мэдээллийг хүргэж байна.
2016 онд газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх үйл ажиллагаа, гадаад худалдаа, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан “Астра рүүт” ХХК нь 2021 оноос өмнө 230 сая төгрөгийн өртэй байсан ба 2021 онд нэмж 614.6 сая төгрөгийн зээл дэмжлэг авсан. Өнгөрсөн онд өр төлөөгүй бөгөөд өдгөө хуримтлагдсан нийт өрийн хэмжээ нь 844.8 сая төгрөг болоод байна.
ХААДС-аас зээл, дэмжлэг авах хүсэлтэй олон мянган тариаланчид, ААН-үүд байдаг ч дийлэнхийнх нь хувьд “хэзээ ч биелэшгүй мөрөөдөл” болж, уг зээл, дэмжлэгт хамрагдаж чаддаггүй. Гэтэл улстөрчид, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн компаниуд жил тутамд зээл авч, түүнийгээ эргэн төллөлгүй, тэрбум тэрбумын өр үүсгэсэн нь шударга бус юм. Давуу байдлаар бусдын боломжийг дангаар эзэмшсэн тэдний өр 260 тэрбум төгрөгт хүрсэн нь жирийн тариаланчид, ААН-үүдийн өсөн дэвших боломжийг тэр хэрээр хулгайлсан гэсэн үг.
Сэтгэгдэл
Нэр