УОК-ын журам И-март болон жирийн худалдаачдад ингэж үйлчилж байна

Ж. Нямсүрэн
З.Гантулга - Сэтгүүлч
2 сар өмнө
УОК-ын журам И-март болон жирийн худалдаачдад  ингэж үйлчилж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хэвээр үргэлжилж байгаа Улаанбаатарт 18 төрлийн үйлчилгээ, үйл ажиллагаа зөвшөөрөлтэй байгаа. Үүнд хүнс, Эм, эмийн бүтээгдэхүүн зэрэг иргэдэд нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг худалдан борлуулах захирамж үйлчилж байна.

Тэгвэл тухайн захирамж зарим нэг улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамааралтай байгууллага, дэлгүүр, худалдааны төвүүдэд үйлчлэхгүй байна. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "И-март" дэлгүүрт шинэ жилийн гацуур, чимэглэлийн худалдаа чөлөөтэй явагдаж байна. Түүнчлэн дотуур хувцас, гутал, шил, шаазан эдлэл, хүүхдийн тоглоом зэрэг дээрх 18 зөвшөөрөлтэй үйл ажиллагаанаас тэс хөндлөл худалдаа наймаа хэвийн өрнөж байна. "И-март"-ын хоёрдугаар давхарт уг худалдаа ийнхүү чөлөөтэй байгаа бөгөөд Засгийн газар, УОК-оос анхааруулаад байгаа хүн хоорондын зай барих, халдвар хамгааллын дэглэм баримтлах гэдэг ойлголт энэ том дэлгүүрт “лоозон” болжээ. Халдвар тархахгүй байх ямар ч баталгаа алга.

Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар юу хийж байна вэ?

Шинэ жил дөхсөн энэ үед хөл хорио тогтоосон ч айлууд гэртээ гацуураа засаж, хүүхэд багачуудаа баярлуулах хүсэл бий. Нөгөө талаас Нарантуул, Хархорин, Дүнжингарав, Гурав- дөрөвдүгээр хороолол гээд зах худалдааны төвүүдэд бараа зардаг иргэд гацуур, шинэ жилийн чимэглэл худалдаалж амжиргаагаа залгуулах хүсэл ч, шаардлага ч бий. Тэднийг харин дээрх 18 төрлийн зөвшөөрөлд багтаагүй шалтгаанаар гэрт нь хорьж, амьжиргааны эх үүсвэр болох барааг нь цоочилжихсон, өдрийн түрээс нь л урссаар байгаа.

Төрийн хууль журам ижил тэгш үйлчлэх ёстой биш үү?

"И-март" дэлгүүрийн эзэн нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг. Тэгэхээр улс төрд нөлөө бүхий, асар их мөнгө эргэлдүүлдэг “том” дэлгүүрт халдвар тархахгүй гэх баталгааг хэн нэгэн албан тушаалтан гаргасан уу, эсвэл хянах шалгах үүрэгтэй байгууллагын дарга нар мэдээгүй, сонсоогүй мэт “гүлдийж” байна уу?

 

 

Хаха 7 72 Буруу 9 Гайхмаар 3 Харамсалтай 4 Хөөрхөн