... Танихгүй дугаараас ярьж буй эмэгтэй “Зургаан сартай жирэмсэн охин амиа хорлоно гээд гудамжинд сууж байхад нь би зүгээр өнгөрөөд явчихаж чадсангүй. Загнаж, аргадсаар гэртээ авчраад байна. Би саяхан амаржсан, хүү минь сар ч хүрээгүй байна. Өнгөрсөн шөнөжин бид хоёр уйлалдаад, ярилцаж хонолоо. Өөртэй чинь уулзмаар байна” гэсээр ажлын газрын хаяг заалгаад, нярай тэвэрсэн 30 гаруй насны бүсгүй, 20 дөнгөж хүрсэн гэмээр охины хамт ажлын байранд ирэв.
Дүрлэгэр алаг нүдтэй, туранхай, өндөр бор охин нэвсгэр том цамцтай, сайн харвал гэдэс нь бондойж, хэвлийдээ үр тээжээ. Тэр өдгөө 20 настай бөгөөд багаас нэгэн аймагт эмээгийнхээ гар дээр өсчээ. Охиныг хоёр сартайд эцэг эх нь салж, ээж нь эгчийг нь авч, бага охиноо эцэгт нь үлдээсэн бөгөөд эцэг нь охиноо хөдөө байх ээж дээрээ өсгүүлжээ.
Охин ахлах сургуулиа дүүргэж, УБ хотод нэгэн их сургуульд элссэн боловч, хоёрдугаар дамжаанаас сургалтын төлбөргүйн гачлангаар чөлөө авсан байна. Аав нь охиноо нэгэн компанид туслах ажилчнаар ажилд оруулж өгсөн ба охин тэр үедээ найз хөвгүүнтэй болж, үерхэж, аавтайгаа түүнийгээ танилцуулжээ. Тухайн хөвгүүн ч орон нутгаас УБ-т их сургуульд суралцдаг байж. Тэдний үерхэл дотносож, охин жирэмсэлжээ.
“Манай аав ээж хөдөө малтай, амьдрал боломжийн. Тиймээс би найз охиноо хөдөө гэр рүүгээ авч яваад, бид хүүхдээ төрүүлж, өсгөе. Жирэмсэн болсон учраас ажлаас нь гаргаад аваад явъя” гэж найз залуу нь охины аавд хэлсэн учраас аав нь зөвшөөрч, хосууд хөдөө явцгаажээ.
Малчин аав, ээжийн дэргэд очиж, хэдэн сар болж, гэр, малын ажилд хамжилцсаар охины хэвлий дэх хүүхэд гурван сартай болжээ. Энэ үед охин сумын эмнэлэгт очиж, жирэмсний хяналтад орох талаар гэрийнхэндээ хэлэхэд “Манай ээж эмчийн хяналтад оролгүй биднийг төрүүлсэн, муудсан зүйлгүй” гэгчлэн найз залуу нь дургүйцэж, түүний аав, ээж ч дуу гаралгүй явсаар дахиад хэдэн хоног өнгөрчээ.
Охин эмнэлэгт очих хүсэлтээ дахин хэлснээр маргаан үүсэж, “хүүхдээ авахуул” гэдэг шаардлагыг найз залуу хэлсэн байна. Үүгээр ч зогсохгүй 200 мянган төгрөг өгөөд, “хүүхдээ авахуулаад УБ-аас эргэн ирэх хэрэггүй” гэдэг үг сонсож, охин эцгийнхээ гэрт иржээ.
Эндээс л бүхий л бэрхшээлүүд эхэлсэн бөгөөд “гэдсээ чирээд ирсэн” гэх хойд ээжийн үгээр ташуурдуулж, “хүүхдээ авахуулсан уу” гэх найз залуугийн шаардлага, тулгалтад дайруулж тэссэнгүйдээ үхэх талаар бодол тээж, ийнхүү сүүлийн 5 хоног гудамжинд суусан аж. Үс гэзэг нь халтартан ширэлдэж, өмссөн хувцас нь хир тоосонд дарагдаж, өлсөж, цангахын эрхэнд уруул ам нь хатаж явахдаа ийнхүү манцуйтай хүүхэд тэвэрсэн эмэгтэйтэй зовлонгоо ярилцсан нь тэд өнөөдөр манай редакцийн байранд ирэх шалтгаан болжээ.
Эмэгтэй охинд өөрийн жирэмсний үеийн хувцаснаасаа өмсгөсөн нь ийнхүү нэвсгэр том харагдуулж байх бөгөөд хооллож, усанд оруулж, дараагаар нь эмнэлгийн үйлчилгээ авахаар зорилт тавьжээ.
Гэвч эмнэлгийн анхан шатны нэгж буюу Өрхийн эмнэлэг охинд “хаалгаа хаасан” тул тэд хаана хандахаа мэдэхгүй яваа аж.
Охин УБ-т ирсэн даруйдаа аавынхаа гэрийн хаяг, харъяаллаар СХД-ийн дугаар хорооны Өрхийн эмнэлэгт очиход “Зургаан сартай жирэмсэн хүнийг хяналтад авахгүй. 1, 2 сартайдаа ирэх ёстой байсан. Одоо чамайг хяналтад авчихвал бид цалингаа хасуулна. Өөр эмнэлэгт ханд” хэмээн ширэв татсанаар тэр дахин очих итгэлгүй болжээ. Уг нь охин оюутан болж хотод ирэхдээ л аавынхаа гэрийн хаяган дээр бүртгэлээ хийлгэсэн бөгөөд тухайн хаяг нь иргэний үнэмлэх дээр нь бичигдсэн байв.
... Яг одоо, сар хүрээгүй нярайгаа тэвэрсэн бүсгүй, өчигдөрхөн танилцсан бие давхар дүүгээ аргадаж, ухааруулж, амьдралын сайн сайхныг ярьсаар Өрхийн эмнэлэг рүү зорьж яваа. Учир нь тухайн Өрхийн эмнэлгийн нэр дурдагдсан хоёр эмчийн асуудлаар нийслэлийн Эрүүл мэндийн газарт бид мэдэгдсэнээр ӨЭМТ-өөс эргэн холбогдож, алдаа дутагдлыг засаж, жирэмсэн бүсгүйг хяналтдаа авч, эмнэлгийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэхээ мэдэгдэн, “эмнэлэг дээр хүрээд ир” хэмээн дуудсанаар тэд зорьж яваа юм.
Эмч, өвчтөн хоёр хэл амаа ололцоогүй, жижигхэн харилцааны асуудал мэт хэлбэр харагдах ч уг “жижигхэн” асуудал хүний “амьд байх эсэх”-ээ ч бодох хэмжээний шалтгаануудын нэг болж байна. Бие давхар бүсгүйн сэтгэлзүй хэврэгхэн болдог яг тэр л үед ар гэрийнхэн нь, төрийн алба хаагчид гэгчлэн хүн бүр л эвтэй байхын сургамж эндээс харагдаж байгаа юм. Одоо, хөдөлж эхэлсэн ургаа эмнэлгийн хяналтад бойжуулж, төрөөс олгох жирэмний мөнгөн тэтгэмждээ хамрагдаж, үрээ эсэн мэнд төрүүлэх нь охины хувьд хамгийн чухал бөгөөд түүний дараагаар эцэг нь хүүхдийн тэтгэмжээ төлөх үүргээ биелүүлэх зэргээр асуудлууд шийдэгдэх шат дарааллууд үргэлжлэх учиртайг өдгөө охин мэддэг болж, сайн сайхныг эргэцүүлэн яваа гэдэгт итгэнэ.
Миний ч, таны ч охин үр хохирч болохгүй. Хохирохоос хамгаалах үүрэг нь эцэг, эхэд л бий. Өсвөр насны, амьдралд хөлөө олоогүй охин тань ямар нэг зүйлд шаналж, арга ядаж, учраа олохгүйдээ амьд байхын шаардлагагүй зэргээр дэмий бодолд дарагдаж явах вий. Бодол хамгийн хүчтэй нь. Тэр дэмий бодлыг өөрчлөх арга зам нь гагцхүү шинэ боломж, өөр гарцуудыг санал болгож, итгэл төрүүлэх л явдал юм. Тиймээс л бид анхааралтай байдаг, бусдыг сонсдог, итгэл түгээдэг нэгэн байх хэрэгтэй байна. Бусдыг шүүдэг биш, хажуудахаа анхаардаг л байя, юун түрүүнд.
Амьдралд алхахдаа хөлөө хазгай гишгэчихсэн, түүнээсээ болоод хөндүүрлэсэн хөлөөрөө дахин чанга гишгэж чадахгүй яваа хэчнээн ч охид бидний дунд хацартаа нулимстай, догонцон, түүнийгээ нуун, удаан алхаж яваа бол... Тэр л үед нь хажуунаас нь инээмсэглэн сугадаад, хэдхэн алхам газарт дэмнэн хамт алхаад, тэр зууртаа амьдралын сайн сайхны итгэл төртөл нь зөвлөдөг, “томчууд” байцгаая. Яг л нярайгаа тэврээд, танихгүй охиныг гэртээ авчраад, хооллож, хувцаслаад, эмнэлэгт үзүүлэхээр автобусдаж яваа өнөөдрийн эмэгтэй шиг л байцгаая.
Сэтгэгдэл
Нэр