Ээж нь халдвар авч ХӨСҮТ-д 10 настай охинтойгоо эмчлэгдэж, дөрвөн настай хүү нь 17-той эгчтэйгээ Улаанбаатар зочид буудалд 14 хоног тусгаарлагдаад, гараад ирсэн ч тэд гэртээ орж чадсангүй.
Тусгаарлалтаас гарсан хүү, охин хоёрыг тосч авах хамаатан садан байхгүй учир, Багшийн дээдийн автобусны буудлаас автобусанд сууж, Жуков дээр буужээ. Гэртээ хөргөгчгүй тэд махаа хажуугийнхаа дэлгүүрийн хөлдөөгчинд хадгалдаг бөгөөд тэндээс хоолны махаа аваад гэр рүүгээ орохоор очсон ч цагдаагийн хамгаалалттай нүүр тулжээ. Учир нь тэдний гэр байх БЗД-ийн дөрөвдүгээр хороон дахь гуравдугаар байрыг цагдаагийнхан хамгаалалтад авч, орох гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа билээ. Гэхдээ тортой жаахан хөлдүү мах барьсан хоёр хүүхдэд нийгмийн сүлжээнд бичсэнчлэн цагдаа нар эр бяр гаргасангүй. Харин дулаан газар оруулж “Та нарыг гэрт нь оруулж болох эсэхийг дүүргийн Онцгой комиссоос асууя. Тэр зуур халуун цай уугаад, боорцог идээд байж байгаарай” гээд үлдээжээ.
Энэ зуурхан хугацаанд хүний мөн чанар жинхэнэ утгаараа илэрсэн нь тэдний амьдардаг гуравдугаар байрны зарим оршин суугчид “Халдвартай тохиолдлын ойрын хавьтлыг байрандаа оруулахгүй. Гурван удаагийн шинжилгээ нь сөрөг гарсан ч халдвар байхгүй гэдэг баталгаа байхгүй. 20, 21 дэх хоногуудад хариу батлагдсан тохиолдол байгаа” гэгчлэн СӨХ-ийн дарга, Хорооны удирдлага руугаа хүсэлт гаргаж, нийгмийн сүлжээн дэх групптээ бичицгээсэн нь ХӨСҮТ-д эмчлэгдэж буй ээжийнх нь чихэнд хүрснээр, хөхөө өвлийн хүйтэнд хаачихаа мэдэхгүй суугаа хоёр хүүхдийнхээ төлөө эх хүн зориг гарган, телевизийн камераар “хүн чанар” нэхсэнг гурван сая монголчууд хамтдаа харж, шогширлоо. Гэхдээ шогширч, толгой сэгсэрч буй бидний дунд “гадуурхагчид” байгааг үгүйсгэх аргагүй үнэн нь даанч харамсалтай. Дэлхий нийтээр тархсан цар тахлаас өнөөдөр холуур өнгөрч болох ч маргааш дайрахгүй гэх баталгаа хэнд ч үгүй нь харин гашуун үнэн билээ. Тэр цагт гадуурхлын бай нь болохгүйн тулд өнөөдөр бид нийтээрээ “гадуурхагч бус” хандлагыг ягштал тогтоох зайлшгүй шаардлага байна, элэг нэгтнүүд минь.
... ингээд “Хүүхдүүдийг асран хамгаалах хүн байхгүй. Тэднийг гэрт нь оруулсан ч хоол хүнс хангалттай биш, гаднаас зөөх хамаатан садан байхгүй учраас гэрт нь оруулах хэрэггүй. Харин ээж нь гарч иртэл байрлах газар олох” асуудал яригдаж, тэр зуурт хүүхдүүдийг Дөрөвдүгээр хорооны подвальд байх “Тусгаарлах өрөө”-нд оруулжээ. Хүүхдүүд 3-ны өдрийн 14.00 цагаас 21.00 цаг хүртэл тус өрөөнд байсан бөгөөд энэ зуурт СӨХ-ийн дарга н.Даваа ач хүүгийнхээ зузаан өвлийн курткыг дөрөвтэй хүүд авчирч өмсүүлж, хорооны ажилтнууд гэрээсээ халуун хоол, цай авчирч өгөх зэргээр боломж бололцоогоороо хүүхдүүдийг “халамжилжээ”
Ингээд шийдвэр гарч, 21.00 цагт хүүхдүүдийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа ... дүүргийн “Түр хамгаалах байр”-нд авчирсан байна. Ингэхдээ тухайн байранд буюу хамгаалалтад байсан бусад хүүхдүүдийг өөр “Түр хамгаалах байр” руу шилжүүлж, зохион байгуулалт хийжээ. Энэ бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхны өдөр тутамдаа л хийдэг ажил. Өөрөөр хэлбэл, хүүхэд, эмэгтэйчүүд хохирсон асуудал бүр дээр тэд чичлүүлдэг ч, хохирогчдыг хамгаалах ажлыг тогтмол хийсээр л байдаг. Гэхдээ “бид ийм ажил хийсэн” гэж хэлэх боломжгүй нь “хохирогчийн нууцыг хамгаалах” үүргээр нь хязгаарлагддаг...
Одоо хүүхдүүд дулаан, тохитой байранд сэтгэл амар төрийн үйлчилгээг авч, ээж, дүү хоёроо эрүүл саруул болоод гарч ирэхийг нь хүлээж байгааг уншигч танд баяртайгаар дуулгая.
Охин Х: “Дүү бид хоёрын шинжилгээ 3 удаа сөрөг гарсан шүү дээ” гээд байрныхаа өмнө хашгирмаар л санагдсан
Таны дөнгөж сая уншсан мэдээллийг 17 настай охин Х-тэй утсаар ярилцаж авсан бөгөөд тэрбээр “Дүү бид хоёрыг байр руу маань оруулахгүй гэхэд надад тэгтлээ гомдмоор санагдаагүй. Нээрээ л хүн бүхэн өөрийгөө, гэр бүлээ хамгаалахаас өөр аргагүй учраас ингэж байгаа байх даа гэж бодсон. Гэхдээ бид хоёрын шинжилгээ гурван удаа сөрөг гарсан шүү дээ гээд байрныхаа өмнө чангаар хашгирмаар л санагдсан.
Ээжтэйгээ утсаар ярихад “Миний хоёр хүүхдийг хаана оч гээд хөөж байгаа юм болоо” гээд уйлахад нь л ээжийгээ ихээр өрөвдөж, сая л тэр хүмүүст гомдмоор санагдсан. Харин цагдаа ах нар, СӨХ-ийн дарга бид хоёрт их анхаарч, халамжилж байсанд баярлаж байсан. Одоо бид хоёрт айх, санаа зовох зүйл байхгүй.
...энд телевизор байдаггүй юм байна. Дүү маань харин зөндөө олон тоглоомтой болохоор ханатлаа тоглож байна. Одоо ээжийгээ хурдан эдгээд гараад ирээсэй л гэж хүсэж байна. Энэ жил би 12-р ангиа төгсөнө. Сургуулиа төгсөөд Төмөр замын сургуульд суралцаж, ээждээ туслахыг маш их хүсэж байна. Миний ээж бид гурвын төлөө олсон бүх мөнгөө зарцуулсаар ирсэн. Биднийг юугаар ч дутаагаагүй. Ээжийн дүү, эгч нар Сэлэнгэд байдаг болохоор би төмөр замд ажилд орчихвол тэдэнтэйгээ ч уулзаад байж болно. Төгсгөлд нь миний ээжийг эмчилж байгаа ХӨСҮТ-ийн эмч нарт маш их баярлалаа гэж хэлмээр байна” гэснээр бидний цаг гаруй хугацаанд дүрсээ харж ярилцсан чин сэтгэлийн яриа өндөрлөсөн юм.
“Хүүхдүүд минь гурвуулаа халдвар аваагүй нь номын буян гэж залбирч байна”
Хоёр охин, нэг хөөрхөн хүүгийн ээж, номын худалдагч Хишигсүрэн ХӨСҮТ-д коронавирусийн халдвар оноштой, эмчлүүлж байгаа. Тэрбээр 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15.00 цагийн орчимд Өрхийн эмнэлэгтээ сайн дураар шинжилгээ өгч, халдвар авснаа мэдсэн. Учир нь тэрбээр 11-ний оройноос эхлэн халуурсан бөгөөд 13-нд Өрхийн эмнэлэгтээ үзүүлэхэд “хоолой өвдсөн” гэдэг онош хэлж, антибиотик бичиж өгснийг гэрээр хэд хоног уусан ч орой болоход л өндөр халуурсаар байсан тул 17-ны өдөр ийнхүү дахин эмчид хандсан нь тэр юм.
“Ээж нь салхинд гарангаа Өрхийн эмнэлэг орж үзүүлчихээд ирье” гээд гэрээсээ гарахад нь 10 настай охин нь “хамт явъя” гэсээр дагаж гарснаар өнөөдрийг болтол ХӨСҮТ-д ээжийнхээ дэргэд байгаа юм. Гэхдээ энэ хугацаанд охины шинжилгээ ямагт “сөрөг” гарсаар байгаа нь талархууштай. Энэ талаар Хишигсүрэн ярихдаа
“Хүүхдүүд минь л эрүүл саруул байгаа нь хамгийн том баяр. Миний гурван хүүхэд гурвуулаа халдвар аваагүй нь хэчнээн их аз вэ, “номын буян” л гэж залбирч байна. Учир нь 2011 оноос хойш есөн жил ном зарж амьдралаа авч явахдаа үр хүүхдүүддээ хэрэгтэй гэсэн бүхнийг авахыг зорьж, авсаар ч ирсэн. Өнгөрсөн жилээс хойш коронавирус гарч, эмч нар “дархлаагаа л сайн дэмжээрэй” гэж зөвлөж байгааг сонсоод хүүхдүүддээ шим тэжээлтэй хоол унд, витамин авч өгөх дээр их анхаарсан. Өөрийгөө харин дутуу анхаарчээ, эгч нь (инээв)” гэгчлэн ярьсан юм.
Хишигсүрэн гэртээ гурав хоног халуурсан, ХӨСҮТ-д ирэхдээ ч өндөр халуунтай биеийн байдал “хүндэвтэр” хэмээн эрэмбэлэгдэж байжээ. Харин одоо түүний биеийн байдал хэвийн боловч шинжилгээний хариу “сөрөг” болоогүй тул эмнэлэгт 19 дэх хоногтоо хэвтэн эмчлүүлж байна.
“Хоёр хүүхэд минь гудамжинд байхад миний нэр нүүр, миний халдвар авсан байх хэнд хэрэгтэй юм бэ, би чинь эх хүн шүү дээ”
“Хүү маань мөөмнөөсөө гараагүй, хүү бид хоёр тусдаа нэг ч хонож үзээгүй болохоор хүүгээ учиргүй их санаж, бэтгэрч байна. Үр минь ч ээжийгээ их санаж байгаа даа. Гэхдээ эрүүл саруул болоод айх айдасгүй үр хүүхэд, “ард түмэн” дээрээ очмоор байна. Энэ айхавтар өвчин баян ядуу, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй хэнийг ч ялгадаггүй болохоор, миний алдаанаас болоод би өвдчихөөгүй болохоор “надад буруу байхгүй” гэж л бодож байна. Харин хөх өвлийн хүйтнээр хоёр хүүхдийг минь гэрт нь оруулахаас дургүйцсэн байрныхаа оршин суугчдад тун гомдолтой байна. Тэд СӨХ-ийн дарга руу дургүйцэж яриад, СӨХ-ийн дарга түүнийг илэрхийлснээрээ нийгэмд буруу ойлголт төрүүлчихлээ. н.Даваа дарга уг нь их тусч, хүн хүний учир олдог хүн байгаа юм. Бидний амьдардаг подвалийн өрөөний түрээс 130 мянган төгрөг байсныг өнгөрсөн жилээс 100 мянган төгрөг болгож бууруулж өгсөн хүн.
... Хоёр хүүхэд минь орох газаргүй болчихлоо гээд ярихад юу ч хийж чадахгүй, эмнэлгийн өрөөнөөс гарах боломжгүй өөртөө их бухимдсан. “Миний халдвар авсанг, миний амьдралыг монголын ард түмэн мэдэг. Тэгээд дахиад хэн нэгэнд ингэж бүү хандаасай” гэж бодоод, зориглоод ТВ4 телевиз рүү ярьж, учир байдлаа хэлж, нүүрээ гаргаад ярилцлага өгсөн.
Хоёр хүүхэд минь гудамжинд байхад миний нэр нүүр, миний халдвар авсан байх хэнд хэрэгтэй юм бэ, би чинь эх хүн шүү дээ. ТВ4 телевизийн хамт олонд баярласнаа бас хэлмээр байна”
“Надад халамж, тэтгэмж хэрэггүй. Надаас хүнд амьдралтай олон айл бий”
Хишигсүрэн 2003 онд Сэлэнгэ аймгаас Улаанбаатарт шилжин иржээ. Тэрбээр Чулуун-Овоонд байх найзынхаа хашаа байшинг харж, хашаанд нь гэрээ бариад амьдардаг байжээ. Харин нэг л орой ажлаасаа тараад ирэхэд нь гэрт нь хулгай орж, бүх зүйлээ алдсан байна. Ингээд сүүлийн гурван жил одоогийн амьдарч байгаа Жуков дахь гуравдугаар байранд амьдарч байгаа ажээ. Анх ирэхэд хүн амьдрахын аргагүй харанхуй бохир орчин угтсан ч эгч, дүү нартайгаа засвар хийж, сантехникийн холболтыг нь өөрчилж, тохижуулжээ.
“Олсон мөнгөнөөсөө илүүчлэн гэртээ засвар хийж, тохижуулсаар гурван жил амьдарсан бидний гэр шүү дээ, тэр чинь. Бид гэртээ очихгүй өөр хаачих юм бэ? Өөрийн гэсэн байртай, хашаа байшинтай болъё гэж банк, банк бус санхүүгийн байгууллагаар маш их явсан. Гэхдээ банкны шалгуурт над шиг хүн яагаад ч “торохгүй” юм байна лээ. “Уучлаарай” л гэдэг. Харин одоо компанийн зээл хөөцөлдөж үзвэл яах бол гэж бодож байна, хүү нь өндөр юм шиг байна лээ. Гэхдээ би орлогогүй хүн биш байхгүй юу. 2011 онд хотын дарга Э.Бат-Үүл гадаа гудамжинд ном зардаг 52 хүнийг номын дэлгүүртэй болгож өгсөн. Тухайн үед би зээл аваад нэг лангуутай болсон маань өнөөдрийг хүртэл бид дөрвийг тэжээж байна. Номоо зараад, хүүхдүүдийнхээ мөнгийг аваад түүгээрээ байрны түрээсээ, хүүгийнхээ хувийн цэцэрлэгийн төлбөр 180 мянган төгрөгийг төлөөд болоод л байдаг. Албан ёсны хаяг маань ХУД-ийн 4-р хороо болохоор хүүгээ улсын цэцэрлэгт оруулж чадаагүй юм.
...Надад халамж, тэтгэмж хэрэггүй ээ, би тийм зүйл гуйхгүй. Надаас хүнд хэцүү амьдралтай, огт орлогогүй айлууд бий. Тэдэнд тэр халамж, тэтгэмж нь очиг гэж би боддог учраас харьяа хороо руугаа очиж, тийм зүйл хөөцөлддөггүй.
Бас надад тусладаг ах дүүс минь, ажлын хамт олон минь байна. Охин маань энэ хавар сургуулиа төгсөөд их сургуульд орчихвол удахгүй ээж, дүү нартаа дэм болно. Хурдхан эдгээд, хүүхдүүддээ л очмоор байна. Хүүгээ тун ч их санаж байна” гээд хоолой нь зангирав.
“Эмч, цагдаа нарыг харахаар өрөвдөж, хайрлах юм”
“Ээжээ, ус уухуу” гэх цовоо цолгиун охин хүүхдийн дуу гарах нь ээжийгээ дагаж гэрээсээ гараад, ХӨСҮТ-д хамт байгаа, шинжилгээ нь сөрөг гарсаар байгаа 10 настай охин нь ажээ.
“Өглөө эрт, үүрээр хүүгээ санаад л сэрдэг. Тэгээд цонхоор харахад гадаа цагдаа нар, эмнэлгийн коридорт эмч нар унтаагүй ажилласаар л байх юм. Өвөл эхэлсэн, гадаа ямар хүйтэн байгаа бол гэж бодохоос өрөвддөг. Эмч нар бидний өвчнийг эмчлэхээс гадна хямарсан, бухимдсан бачуурсан сэтгэлийг тайвшруулж, сэтгэлзүйч ч хийж байна. ХӨСҮТ-ийн эмч нар ямар мундаг чадвартай, хүний төлөө хүмүүс вэ гэдгийг биширч, бахархсаар энэ өдрүүдийг өнгөрүүлж байна. Ороод ирэхэд нь “өглөөний мэнд” гээд инээмсэглээд ядаргааг нь түр арилгахсан гэж хичээдэг. Инээж, талархсанаа илэрхийлж, баярлуулахаас өөрөөр яах билээ дээ” ... урсаад л байх бидний яриа нэг цаг давжээ...
Өвчин эдгэдэг, итгэл бөхдөггүй шүү
Амьдралын төлөө, сайн сайхны төлөөх хүсэл тэмүүлэл ямар хүчтэйг мэдрүүлэх мэт, хүн хүндээ ямар эрхэм чухлыг ойлгуулах мэт, хүний жинхэнэ мөн чанарыг тодруулах мэт “шалгуурын” цаг хугацааг бид туулж байна.
Өвчин эдгэдэг. Эмч нар маань 300 гаруй өвдсөн иргэнээ эдгээгээд хайртай хүмүүст нь эргүүлээд өгчихсөн туршлага байна.
Итгэл ч бас бөхдөггүй, хамгийн сүүлд үлддэг. Харин тэр хүртэл хэрэггүй үгээр, санаандгүй үйлдлээр бусдын сэтгэлд сүүдэр тусгалгүй, хүний “мөн чанар”-аа хадгалах л шаардлагатай, эвийн хүчээр туулаад өнгөрүүлэх “шалгуурын” цаг хугацааг бид туулж байна.
Сэтгэгдэл
Нэр