Монголд зам барьж байсан хятад компанийн эзэн зам тээврийн осол гаргаж, монгол эмэгтэйн амийг хохироосон хэрэг гарлаа. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 километр замын засварын ажлыг хийж буй Хятадын “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК-ийн орчуулагч эмэгтэй энэ сарын 5-ны 06.00 цагийн орчимд зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амь насаа алджээ.
Осол гаргасан машиныг жолоодож явсан хүн нь “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу хувь нийлүүлэгч Хоу Жу Лин гэгч байсан аж. Тэрбээр өмнө нь “жолооны хүрд нь буруу талдаа байрлалтай машин жолоодож үзэх хүсэлтэйгээ олонтаа ярьж байсан” гэдгийг ажилтнууд нь батлан ярьж байгаа бөгөөд осол гаргах үед нэг ажилтныхаа Тоёота марк-2 машиныг зөвшөөрөлгүй, дур мэдэн жолоодож яваад ийнхүү осол гаргаж, эрдэнэт хүний амь насыг хохироосон байна.
Осол гарах үед тухайн замд зорчиж явсан гэрчүүдийн мэдээлж буйгаар “Марк-2 маш хурдтай явж байгаад онхолдсон. Машин онхолдож, хэд хэд эргэхэд цонхоор нь хүмүүс шидэгдсэн” гэдэг мэдээллийг өгсөн ба ослын улмаас МУ-ын иргэн, хятад хэлний орчуулагч, 49 настай эмэгтэй газар дээрээ нас барж, насанд хүрээгүй охин нь өнчрөн үлджээ.
“Өрх толгойлсон ээжийн хойноос хэл үг хийх хүн байхгүй гэж үзсэн үү” гэмээр өнөөдрийг болтол “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК-ийнхан талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсөдтэй нь холбоо бариагүй байсаар байгаа аж. Түүнчлэн ослын талаар ч ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй, хагас өдөр өнгөрчээ. Тодруулбал, 06:00 цагт болсон ослын талаарх мэдээллийг 14:30 цагийн үед тус компанид ажилладаг монгол ажилтнуудаас гэр бүлийнхэн нь дам дуулгасны дагуу талийгаачийн ар гэрийнхэн Өвөрхангай аймаг руу замд гарсан байгаа юм. Зам явах зуураа 102 руу залгаж, Өвөрхангайн замын цагдаа нартай холбогдож, ослын талаар асууж сураглах байдлаар талийгаачийнхаа цогцсыг олж очсон байна.

Уг ослоос үүдэлтэй хэд хэдэн асуудал урган гарч байгаа бөгөөд тухайлбал:
- Хятад улсын иргэн Хоу Жу Лин нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг үзэж, уншиж байгаагүй, саяхан манай улсад ирсэн хэрнээ шууд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй юү?
- Бичиг баримтгүйгээр, бусдын автомашиныг зөвшөөрөлгүй авч, жолоодож, зам тээврийн осол гаргаж, хүнийг амь насаа алдахад хүргэчихээд хөрөнгө оруулагч хятад иргэн эмнэлэгт асруулаад хэвтэж байгаа нь ёсзүйтэй юу?
- “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК нь 2006 онд байгуулагдсан цагаасаа монголд олон тендер авч зам тавьж байсан юм байна. Яагаад өдий болтод Хөдөлмөрийн аюулгүй байдлын аливаа дүрэм, стандартыг мөрдөж хэвшээгүй байгаа вэ?
- Жан Жан Ван Жун хэмээх хятад захиралтай “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК нь яагаад зам тавьж байгаа хэрнээ өөрийн гэсэн тоног төхөөрөмж, машин хэрэгсэлгүй, түрээсийн, бүрэн бус тээврийн хэрэгсэлээр ажилтнуудаа тээвэрлэж байсан бэ?
- ХАБ-ыг хариуцах ёстой инженер нь яагаад “Би ч нэр төдий” гэх байдлаар өөрсдийгөө өмгөөлж байгаа юм бол?
- Ажилтан нь амь насаа алдаж, ар гэрт нь гашуун зовлон тохиолдож, 14 настай охин нь харгалзах хүнгүй өнчирч байхад яагаад нэг ч удаа холбогдож эмгэнэл илэрхийлэхгүй байна вэ?
- Өнгөрсөн жил бас дутуу барьсан замаас нь бол нэг хүн амь насаа алдсан ч дарагдаж өнгөрсөн тухай нутгийн иргэд ярьж байна. Гэтэл саяхан энэ замын тухайн гомдол гаргасан нутгийнхандаа Засаг дарга А.Ишдорж тайлбар өгөхдөө “Маш хариуцлагатай компани ажиллаж байгааг онцлоод, түр замаа ч бас стандартын дагуу тавьдаг, аймгийн холбогдох байгууллагууд болон ICT хэмээх хөндлөнгийн хяналтын байгууллага хүртэл хянаж байгаа тул итгэлтэй байж болно” гэсэн байна. Үнэхээр зам дээр байнга 8 инженер ажиллаж, аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж байгаа бол гүйцэтгэгч байгууллагынх нь удирдлага бүрэн бус тээврийн хэрэгслийг дураараа, жолоодох эрхгүйгээр барьж явж, ажилтнаа “алах” уу?
- Гүүр хоолойгоо стандартын дагуу тавьж чадахгүй 2 жил дамнан замаа засаж байгаа “Эйч Кэ би интернэшнл холдинг” ХХК гэж ямар эрх мэдэлтэй газар вэ?
- Өглөө зам тээврийн осол гарч, хүн амь насаа алдсан байхад гэр бүлд нь ямар ч мэдээлэл өгөөгүйн цаад шалтгаан юу вэ?зэрэг асуудлаар бид үргэлжлүүлэн сурвалжилна.
Сэтгэгдэл
Нэр