Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга Ф.Серкбол, ИТХ-ын дарга Б.Энхболд нар албан тушаалаа урвуулан ашиглаж, нутаг усаа сэндийчин зарж, ашиг олж, малчдыг бэлчээргүй болгож буй баримтыг Цахиурын баг үзүүлж байна.
Засгийн газрын концессын гэрээгээр Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар, Зүүнбүрэн-Цагаан нуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлд 120 км хатуу хучилттай зам барих шийдвэр гарч, нутгийн иргэдийн магнайг тэнийлгэсэн. Замын ажлыг хятадын хөрөнгө оруулалттай “Монгол ЛЗ зам гүүр” ХХК гүйцэтгэж эхэлсэн ч Шаамар сумын Засаг дарга Ф.Серкбол, ИТХ-ын Б.Энхболд нарын шунахай үйлдлийн гайгаар зам барих ажил тодорхойгүй хугацаагаар зогсоод байна. Учир нь Ф.Серкбол, Б.Энхболд дарга нар замын ажилд зарцуулах нэрийдлээр зөвшөөрөлгүй газраас их хэмжээний хайрга, дайрга олборлож, өөрсдөө зарж борлуулж, ашиг олж байгааг нутгийн иргэд эсэргүүцэн, хуулийн байгууллага шалгаж эхэлснээр ийнхүү замын барилгын ажлыг зогсоогоод байгаа юм байна.
Ф.Серкбол, Б.Энхболд дарга нар нутгийнхаа түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газар болох Бүүрэг толгой, Орхон голын сав газраас ямар ч зөвшөөрөлгүйгээр хайрга дайрга олборлосон асуудлаар Сэлэнгэ аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газраас шалгалт хийжээ. Шалгалтын мэдээлэлд “Их бүүрэг толгойд 7190 мкв газарт 30391мкуб хайрганы нэг овоолго, Хүхрийн толгойд таван хэсэг газарт 4440 мкв газрын хөрс хуулан 4738 мкуб хайрга овоолсон. Хайрга олборлох зөвшөөрөл хараахан гараагүй, удахгүй гарчих учраас эндээс олборлож бай гэж сумын Засаг дарга Ф.Серкбол зөвшөөрсөн” гэх байдлаар олборлолт явуулсан байна. Мөн Орхон голын эргээс 54241 мкав талбайгаас хайрга олборлож, элсээр дүүргэсэн байна. Иймд уг асуудлыг шалгаж, экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг гаргаж, нөхөн сэргээлт хийлгүүлж өгнө үү” хэмээн аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн газарт албан бичгээр ханджээ.
Харин аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Алтанбаяр “Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна” гэсэн мөлгөр тайлбар хэлээд сууж байна. Уг нь чиг үүргийнхээ хүрээнд мэргэлжлийн хяналтын байгууллага ийм их хэмжээний талбайг сэндийчихээс өмнө хянаслт шалгалт хийж, таслан зогсоох үүрэгтэй юм.
Нутгийн иргэдийн хэлж байгаагаар хайрга, дайрганы олборлолтыг өнгөрсөн өвлийн 12-р сараас эхлүүлсэн бөгөөд сумын ЗДТГ-т бүртгэлтэй буюу орон нутгийн өмчийн трактор, ковш зэргийг олборлолт, тээвэрлэлтдээ ашигласан байна. Гэхдээ тухайн техник хэрэгслийг ашигласнаас олсон түрээсийн төлбөр сумын ЗДТГ-т ороолгүй аж. Өдгөө тухайн техникүүп эвдэрчихсэн, хятад компанийн хашаанд хэвтэж байгаа бөгөөд тухайн компанийн зүгээс “Сэлбэг хэрэгслийг нь авчраад өгвөл бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд засаад өгье” гэсэн талаараа албан бичигтээ дурджээ.
Мөн тухайн албан бичигт “Бид замын ажилд зарцуулахаар хайрга бэлдсэн ч хайрганаас авч, зарж борлуулах зөвшөөрлийг хэнд ч өгөөгүй. Харин Шаамар сумын ИТХ-ын дарга нь дур мэдэн дөөж зарсан. Хайрга зарах ажил нь манай компанитай ямар ч холбоогүй бөгөөд оролцоогүй” хэмээн АТГ-т албан бичгээ илгээжээ.
Нутгаа сэндийчин зарсан Б.Энхболд даргаас манай сэтгүүлч Б.Амина тайлбар авахаар очиход “Хувь хүний мэдээллийн хууль энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Би хуулиа хэрэгжүүлнэ. Чамд ямар ч тайлбар, мэдээлэл өгөхгүй” хэмээн сэтгүүлчид хууль сануулан, дарамтлаад сууж байна. Мөн манай сэтгүүлч сумын Засаг дарга Ф.Серкболоос тодруулга авахаар очсон ч тэрбээр ажлын цагаар ажлын байрандаа бүтэн өдөржин байгаагүй учраас бид арга буюу утсаар холбогдсон юм.
Ингэхэд мөн л “Хувь хүний мэдээллийн тухай хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл өгөхгүй эрх надад бий. Уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Тэндээс очиж асуу. Надаас хэрэв наад асуултаа асууж байгаа бол би үгүй гэж хэлнэ” хэмээлээ.
Шаамар, Зүүнбүрэн-Цагаан нуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлд амьдардаг иргэдийн олон жилийн мөрөөдөл болсон зам баригдаж эхлэхэд ийнхүү хомхой сэтгэлт хурган дарга нар нь Засгийн газрын нэр барьж иргэдээ хууран мэхлээд, түүхэн дурсгалт газар нутгаа ямар ч зөвшөөрөлгүйгээр сэндийчин зарж, хувьдаа шиг хонжоо хонжоо олж байгаа үйлдлийг цагдаагийн байгууллага болоод АТГ шуурхай шалгаж, хариуцлага тооцох шаардлагатай байна. Ашиг хонжоо харсан цөөн хүний шуналт үйлдлийн балгаар зам барих ажил зогсоод байгаа нь нийтийн эрх ашгийг уландаа гишгэж байгаа асар хариуцлагагүй үйлдэл болж байна.
Нөгөө талаас түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт Бүүрэг толгой, Орхон голд учруулсан хор хохирлыг нөхөн төлүүлэх, байгаль хамгаалах чиглэлд анхаарахыг салбарын сайд Б.Бат-Эрдэнээс Шаамарын иргэд хүсэж байгааг сурвалжлагаараа дамжуулан уламжилж байна.
Сэтгэгдэл
Нэр