НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлыг хоёр жил тутам зохион байгуулдаг. Энэ хүрээнд конвенцын хэрэгжилтийн явцын тайлангууд болон бодлогын шийдвэрүүдийг батлан, конвенцид нэгдсэн улс орнуудад тодорхой чиглэлүүдээр хийх ажил, үүргийг хүлээлгэдэг юм.
ТАЛУУДЫН БАГА ХУРЛУУД ӨМНӨ НЬ:
СОР 1: 1997 онд Итали Улсын Ром хот,
СОР 2: 1998 онд Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар хот,
СОР 3: 1999 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Ресифе хот,
СОР 4: 2000 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бонн хот,
СОР 5: 2001 онд Швейцарын Холбооны Улсын Женев хот,
СОР 6: 2003 онд Бүгд Найрамдах Куба Улсын Хавана хот,
СОР 7: 2005 онд Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хот,
СОР 8: 2007 онд Испанийн Хаант Улсын Мадрид хот,
СОР 9: 2009 онд Бүгд Найрамдах Аргентин Улсын Буэнос-Айрес хот,
СОР 10: 2011 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангвон хот,
СОР 11: 2013 онд Бүгд Найрамдах Намиби улсын Виндхук хот,
СОР 12: 2015 онд Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хот,
СОР 13: 2017 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ордос хот,
СОР 14: 2019 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хот,
СОР 15: 2022 онд Бүгд Найрамдах Кот д’Ивуар Улсын Абиджан хотод болсон.
СОР 16: 2024 онд Саудын Арабын Хаант Улсын Рияд хот,
СОР 17: 2026 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно.
Цөлжилтийн эсрэг конвенцийн дээд хэмжээний уулзалт 05 дугаар сарын 09-21-ны өдрүүдэд Африкийн Коте Д’Ивуарын Абижан хотод болж, тус олон улсын арга хэмжээнд Монгол Улсын Засгийн гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Батхүү нарын ажлын хэсэг оролцлоо. Энэ удаагийн цөлжилтийн эсрэг конвенцийн талуудын 15-р бага хурал нь “Газар амьдралын эх үндэс” уриан дор зохион байгуулагдаж, 189 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд нар гээд, нийт зургаан мянга орчим төлөөлөгч оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, ган, газрын доройтол тэр дундаа цөлжилтийн эсрэг авах хариу арга хэмжээнд дуу хоолойгоо нэгтгэлээ. Энэхүү дээд хэмжээний уулзалтаар дэлхийн улс орон бүр цөлжилтийн эсрэг авч буй арга хэмжээгээ танилцуулж, сайн туршилгаа дэлхийн бусад улс орнуудад хуваалцаж байв.
Цөлжилт нь 21-р зуунд хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг болж байгаа юм. Өмнөд туйл буюу Антарктидаас бусад бүх тивд цөлжилт их бага хэмжээгээр нөлөөлсөн бөгөөд цөлжилттэй тэмцэх нь дэлхий нийтийн гол үүрэг болж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт, дулааралтаас хамааран ган гачиг тохиолдох нь олшрохын зэрэгцээ хүний байгаль орчинд үзүүлж буй хэт дарамт их болсоноор цөлжилтийн аюул нүүрлэх боллоо гэж улс орнуудын төлөөлөл салбар хуралдаануудаар хөндөж байв.
Түүнчлэн Дэлхийн уур амьсгалын дулаарал нь бүс, нутаг, газар орны байршлаас хамаарч олон янз байдлаар илэрч байна. Монгол орны хувьд, нийт газар нутгийн 76,9 хувь нь цөлжилтөд их, бага хэмжээгээр өртөөд байна.
Мөн хамгийн том асуудал бол Монголын тэгш өндөрлөгийн гол түлхүүр экосистем болох хээрийн экосистем цөлжилтийн үйл явцад улам бүр эмзэг болж буй явдал юм. Цөлжилт, газрын доройтлын улмаас Монгол орны хамгийн гол экосистемүүд болох ус, намгархаг газар, өндөр уулын экосистемүүд мөн хувьсан өөрчлөгдөх болсон төдийгүй усны эх үүсвэр болсон экосистемийг хамгаалахад энэ удаагийн уулзалтын сэдэв болон газар, түүний ашиглалт, эрх зүйн байдал чухал нөлөөтэйг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ сайд нарын дугуй ширээний уулзалтын индрээс онцолж байлаа.
Түүнээс гадна тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол улс сүүлийн 40 жилийн хугацаанд нийт цэвдгийнхээ 50 орчим хувийг алдсан гэдэг нь судалгаагаар тогтоогдоод байна. Энэ нь умард бүсийн цөлжилт, газрын доройтлыг буруулахад хөрсний менежментийг чухалчлан анхаарах шаардлагатайг харуулж байна гээд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл хэрэгжүүлж, энэ ажлын хүрээнд тэрбумаар тоологдох мод тарих нь газрын харилцаа, газрын бодлого, ашиглалт, тогтвортой эдийн засгийн хөгжил, хүний эрх ба газар зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой бөгөөд газартаа хөрөнгө оруулах эрхийн баталгаа болно гэж харж байна гэсэн юм.
Мөн энэхүү үндэсний хэмжээний санаачилга нь зөвхөн Монгол Улсын тэгш өндөрлөгийн ногооруулах бус гурван усан хагалбарын эх нутгийг ногооруулж буй бөгөөд уг том зорилтын өгөөж нь экосистемийн урсгалаар Зүүн хойд Азийн хэмжээнд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх юм гээд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлт байгаагаа дэлхийн 180 гаруй улс орны төлөөлөгчдөд тэрбээр сонордууллаа.
Эх байгальд хил хязгаар байхгүй учраас Монгол улсын зүтгэл, оролдлого даян дэлхийн тогтвортой ногоон хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа тэрбээр хэлсэн үгэндээ онцолсон юм.
Ингээд, 189 орны зургаан мянга гаруй төлөөлөгчид хэлэлцэж, санал хураалт явсны эцэст НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахыг Засгийн газрууд дэмжиж, албан ёсоор баталлаа.
Харин дараагийн буюу 16 дугаар талуудын бага хурал Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулагдахаар талууд санал нэгдэв.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Коте Д’Ивуар улсын хуучин нийслэл, дэлхийн томоохон хотуудын нэг бол 4.4 сая хүнтэй Абижан хот юм. 1896 онд үүсэн байгуулагднаас хойш 1934 онд Францын эзэмшил Зааны ясан эрэг (францаар Côte d'Ivoire) орны, 1960-аад онд тусгаар тогтносон улсынхаа нийслэл болсон. 1983 онд Ямусукро руу нийслэл гэх нэрээ шилжүүлж өгсөн юм байна.
Сэтгэгдэл
Нэр