"Бага насны хүүхэд алга боллоо. Хар машинд суулгаад явсан байна" гэдэг мэдээлэл өчигдөр нийгмийн сүлжээнд гарсан. Тэгвэл уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад иргэн Э-ээс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүүхэд алга боллоо гэсэн дуудлага мэдээллийг өгсний дагуу эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа хийсэн. Шалгалтын явцад худал дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна" гэлээ.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр хүүхдийн ээж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүүхэд найзынхаа гэрт тоглож байсан бөгөөд найзынхаа гэрт байгааг нь хүүгийн ар гэрийнхэн мэдэж байсан аж. Гэвч ямар шалтгаанаар цагдаагийн байгууллагад худал дуудлага өгч, нийгмийн сүлжээнд худал мэдээлэл тараасан нь тодорхойгүй байгаа аж.
Уг шалтгааныг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Зохих хариуцлагыг тооцсон. Хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Сэтгэгдэл
Нэр