Дотоодын цэргийн 05 дугаар цэргийн ангид нэг цэрэг ходоод нь задарч амиа алдсан. Тус цэргийг өнөөдөр сүүлчийн замд нь үджээ. Хэргийн талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис: “Дотоодын цэргийн 05 дугаар ангийн тангараг өргөх ёслол зургаадугаар сарын 15-ны өдөр болсон. Тус ангийн байлдагч Н нь маргааш нь буюу зургаадугаар сарын 16-ны өдөр харамсалтайгаар амиа алдсан. Ар гэрийхэн нь болох нагац ах н.Батнасан, түүний эхнэр н.Цэндмаа нарыг хүлээн авч уулзсан. Бидний зүгээс тухайн хэргийг тэр дор нь шалгахыг даалгаж, мөрдөн байцаах ажиллагаа шуурхай эхэлсэн” гэв.
ЦЕГ-ын АБХ-н дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар: “Тухайн байлдагч ирсэн цагаасаа хойш ямар нэгэн дарамт шахалтанд өртөж байсан эсэх, эмчийн үзлэгт хамрагдсан эсэхийг шалгаж байна. Эцсийн байдлаар ямар нэгэн албан тушаалтан, тус цэргийн талаар тодорхой мэдээлэл гараагүй, шалгагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхсолонго: “Дотоодын цэргийн 05 дугаар ангийн нэгдүгээр ээлжээр татагдан алба хааж байсан байлдагч зургаадугаар сарын 15-ны өдөр эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдахад эрүүл байсан. Харин зургаадугаар сарын 16-ны орой артерын даралт нь доголдож эмнэлгийн тусламж авсан. Эмнэлгийн хариуны талаар бид мэдэхгүй. Цэргийн дасгал сургуулалт хийх орчимд 18 камер байдаг. Унтлагын байрны 2 камер түр зуурын засвартай байсан” гэлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү: “Цэргийн дүрмийн бус харилцаа байхгүй. Холбогдох бүх баримтуудыг мөрдөн шалгах байгууллагад өгсөн. Бид ямар нэгэн байдлаар хэргийг нуун дараагүй. Прокурорын заавраар мэдээлэл өгөх тул өөр мэдээлэл өгөх боломжгүй. Байлдагчийн ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна” гэлээ.
Сэтгэгдэл
Нэр