Өнгөрсөн амралтын өдрүүдэд 22-45 насны гурван эрэгтэй голын усанд осолдож, амиа алджээ.
Тодруулбал, Дорнод болон Хөвсгөл аймаг, Багануур дүүрэгт гол, нуурын усанд 22, 40, 45 насны иргэд живж эндсэн бол усанд осолдсон байх магадлалтай нэг эрэгтэйг завьтай эргүүл хайсаар байна.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын Хэрлэн голын усанд эрэгтэй хүн живсэн байж болзошгүй байна. Онцгой байдлын газарт уг дуудлага энэ сарын 2-ны өдрийн 17:00 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид маргааш нь буюу энэ сарын 3-ны өдрийн 05:00 цагаас эхлэн тус сумын 7 дугаар багийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Мөн өдрийн 09:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 23 км-т “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гаргав. Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгсөн байна. Мөн тус аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Цэнхэр” хорооллоос урд зүгт 1.5 км-т “Хэрлэн” голд 4 том хүн сэлж байгаад 26 настай, эрэгтэй осолдсон дуудлага аваад 3-ны өдрийн 17:10 цагаас эхлэн “Хэрлэн” голын урсгал дагуу 7 км-т завьтай урсаж, голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоожээ. Өнөө өглөө /07.04-ний өдрийн/ 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “7 дугаар худаг” гэдэг газарт гэр бүлийн 20 хүн аялж явснаас нэг том хүн “Хэрлэн” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг энэ сарын 3-ны өдрийн 08:05 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 21 км замыг туулан 08:48 цагт очиж Багануур дүүргийн харьяат иргэн С /45 настай эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усаар 30 км завиар урсаж, 8 удаа шумбаж, голын эргээр 26 км явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 15 км зайд Төв аймгийн Баяндэлгэр сумын “Мэлз хайрхан” гэдэг газраас цогцсыг олж гарган Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид 20:40 цагт шилжүүлэн өгсөн байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөвсгөл” нууранд дөрвөн том хүн сэлж байгаад нэг хүн нь осолдсон тухай дуудлагыг 3-ны өдрийн 12:08 цагт хүлээж авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн 2 эмч нуурын усаар 41 км замыг туулан 13:39 цагт очиж “Хөвсгөл” нуур, “Онголог нуурын үзүүр” гэдэг газар нуурын эргээс 3 м зайтай, 2 м-ийн гүнээс иргэн Б /40 настай, эрэгтэй, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харъяат/-ийн цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл
Нэр